n
2014-05-26
Ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавдугаар сарын 22-25-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр энэ үеэр Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.

1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын гол оролцогчид нь Төр, Засгийн тэргүүн нар, олон улсын болон ОХУ-ын томоохон компаниудын төлөөлөл байдаг. Монгол Улсын хувьд энэхүү чуулганд Ерөнхий сайдын түвшинд анх удаа оролцож байгаа юм. Чуулга уулзалтад оролцох Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харицааны дэд сайд Д.Ганхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс багтжээ.

Энэхүү чуулга уулзалтын дараа буюу тавдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Орос улс бол эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Орос улстай харилцах харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд уламжлалт харилцаагаа цаашид улам илүү хөгжүүлэхийг бид ямагт эрхэмлэдэг гэдгийг онцолжээ. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг төмөр зам, Монгол Оросын хамтарсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцсоноо ОХУ-ын Ерөнхийлөгчид дуулгасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн уулзалтын үеэр Халхын голын 75 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урьсаныг Ерөнхий сайд дахин нотолж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн очих боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн байна. Энэхүү уулзалтаар хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах,  шаардлагатай тохиолдолд Монгол улсын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолжээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлалынхаа хүрээнд тавдугаар сарын 23-ны өдөр “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзсан юм. Өмнө  нь Монгол Улсад ирэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байсан тэрээр энэ удаа төрөлх хотдоо дахин уулзаж буйдаа таатай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай буйгаа онцлоод цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүссэн байна. Харин “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ тусалсан. Бид эртний найрсаг харилцаатай ард түмэн. Өдгөө дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Энэ байдлаас гарахад манай улсад зохион байгуулагдаж байгаа форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолжээ. Онцлоход, Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын шатахуун импортлогч “Магнай трейд, “Шунхлай” компаниуд ОХУ-ын “Роснефть”-тэй хамтран ажиллах таван жилийн гэрээг үзэглэсэн байна.

Бичсэн: toogii eto цаг: 11:09 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax